JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 115 DOI: 10.5281/zenodo.17531281 ACCOUNTING FLOOD HAZARD ASSESSMENT INTO THE DELINEATION OF WATER BODY PROTECTION ZONES: A CASE STUDY OF BAYANZURKH SOUM, KHUVSGUL PROVINCE, MONGOLIA Ayurzana Badarch1, Gan-Erdene Enkhbold2, Bayarjargal Enebish3 Corresponding author: [email protected]u.mn1 Abstract: Effective conservation of water body requires the establishment and enforcement of scientifically justified protective zones. In Mongolia, such zones are designated under the Law on Water and its subsidiary regulations governing special and ordinary protection zones and sanitary buffer zones for water bodies and water sources. However, current practice typically delineates water catchment boundaries along riverbanks and subsequently establishes protection zones on either side, a method lacking scientific rigor and hydrological justification. This study proposes a scientifically grounded methodology for delineating the boundaries of water body based on flood hazard assessment. The riverbank is defined by the extent of the high-water mark, determined through flood inundation analysis. Floodplain and river channel zones— areas subject to inundation during peak discharge events—are integral components of the natural and ecological system of the water body. By defining water body boundaries on the basis of hydrological and geomorphological criteria, this approach ensures more comprehensive protection of riverine ecosystems while simultaneously enhancing flood risk management and mitigation. Received: 13 October 2025; Accepted: 1 November 2025 УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХИЛИЙГ ЗУРАГЛАХАД ҮЕРИЙН АЮУЛЫН ҮНЭЛГЭЭГ АШИГЛАХ ҮНДЭСЛЭЛ: ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЯНЗҮРХ СУМЫН ЖИШЭЭН ДЭЭР Бадарчийн Аюурзана1, Энхболдын Ган-эрдэнэ2, Энэбишийн Баяржаргал3 1Монгол улс, Улаанбаатар, ШУТИС, Барилга архитектурын сургууль 2Монгол улс, Улаанбаатар, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн 3Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв Холбоо барих зохиогчийн и-мэйл хаяг:
[email protected] Хураангуй: Усны сан бүхий газрын экосистемийг хамгаалах үр дүнтэй арга нь хамгаалалтын бүс тогтоож, түүний дэглэмийг мөрдүүлэх үйл ажиллагаа юм. Монгол улсад Усны тухай хууль, түүнийг дагаж гарсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмаар хамгаалалтын бүс тогтоодог боловч гол, мөрний усан захаар усны сан бүхий газрын хилийг тогоож улмаар түүнээс хоёр тийш хамгаалалтын бүс тогтоож байгаа нь шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй, учир дутагдалтай үйл ажиллагаа болж байна. Иймд энэхүү судалгааны ажлаар усны сан бүхий газрын хилийг түүний эргээр тодорхойлох шинжлэх ухааны үндэслэлтэй аргачлалыг санал болгож байна. Эрэг нь усны их түвшинтэй үеэр тодорхойлогдох мэргэжлийн томьёололтой бөгөөд үерийн усны халилтаар тодорхойлогдоно. Үерийн усны халилт нь голын голдирол, татам газрыг хамрах бөгөөд уг газрууд нь усны сан бүхий газрын байгалийн болон экосистемийн хувьд салшгүй хэсэг байдаг. Усны сан бүхий газрын хилийг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв тодорхойлсноор голын экосистемийг бүрэн хамгаалахаас гадна үерийн эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэнэ. Түлхүүр үг: усны сан бүхий газар, хамгаалалтын бүс, үерийн аюул, усан орчны экосистем, гидравлик загварчлал I. УДИРТГАЛ Усны сан бүхий газар нь экологи, эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдолтой байгалийн чухал элемент юм. Усны сан бүхий газар нь олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг [1] бөгөөд голдуу доорх шинж чанараар тодорхойлогддог. Үүнд: • Уур амьсгал – Усны сан бүхий газрууд нь орчныхоо уур амьсгалд нөлөөлдөг. Усны сан бүхий газар нь тухайн орчны хэт халууныг зөөлрүүлж, чийгшлийг нэмэгдүүлдэг. • Ус агуулах чадвар – Усны сан бүхий газрууд нь ус агуулах өндөр чадамжтай байдаг бөгөөд хур тунадасны усыг хүлээн авч, газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлдэг. • Ургамал, амьтны аймаг – Усны сан бүхий газрууд нь олон төрлийн ургамал, амьтны аймгийн амьдрах, үржих, хооллох чухал орчныг бүрдүүлдэг. Энд амьдардаг зүйлийн тоо, төрөл нь бусад ойр очрмын газруудаас маш олон байдаг. • Био бүсийн бүтэц – Усны сан бүхий газрууд нь био бүсүүдийн бүтэц, түүний олон янз
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 116 байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Усны сан бүхий газрууд нь байгалийн бүсүүдийг хамгаалах, олон янз байдлыг хадгалах ач холбогдолтой. • Эдийн засгийн ач холбогдол – Усны сан бүхий газрууд нь олон төрлийн эдийн засгийн үйл ажиллагааны үндэс болдог. Жишээлбэл усны эх үүсвэр, загас агнуур, усалгаатай газар тариалан, аялал жуулчлал зэргээр ашиглагддаг. Усны сан бүхий газрыг гадаргын усны сан (гол мөрөн, нуур, далай, намаг, усан сан зэрэг байгалийн болон хиймэл усан сан, газрын доорх усны сан), газар доорх ус, артезын усны ай, байгалийн булаг гэх мэт эх үүсвэрүүдийг хамруулан ангилж болно. Усны сан бүхий газрын тодорхойлолт нь Усны тухай хууль болон Газрын тухай хуульд ялгаатай томьёолсон байдаг боловч ерөнхий утгаараа хоорондоо нийцдэг. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Де Нэйче Консерванси (TNC) төрийн бус байгууллагын дэмжлэгээр 2014 онд боловсруулсан ГОЛ, МѲРНИЙ УРСАЦ БYРЭЛДЭХ ЭХ, ГОЛ, НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ТАТМЫН БАЙГАЛИЙН ХИЛИЙН АТЛАС: АРГАЗYЙ, ЗУРАГЛАЛ, ЗѲВЛѲМЖ боловсруулах ажлын үр дүнд тодорхойлсон усны сан бүхий газрын тодорхойлолтыг үерийн аюул эрсдэлийн талаас авч үзвэл илүү оновчтой болсон гэж үзэж болно [2]. Уг төслөөр “усны сан бүхий газар” гэж байнгын болон түр зуурын устай нуур, тойром, байнгын болон түр зуурын урсацтай гол, горхи, булаг, шанд, рашаан, намаг, мөнх цас, мөсөн гол, голын татам, гол, нуурын эрэг орчмын ус намгархаг газар, хиймэл усан сан, хөв, цөөрөм, суваг, шуудууны эзэлж буй талбайг гэж нарийвчлан заасан байна. Энэхүү тодорхойлолтыг хуульд ашиглах нь цаашид усны сан бүхий газрыг хамгаалах, усан орчны экосистемийг хамгаалахад чухал ач холбогдолтой болно. Олон улсад усны сан бүхий газрын хилийг тогтоохдоо • Экосистемийн нөхцөл байдал • Үерийн аюул эрсдэл • Газар ашиглалтын нөхцөлд байдалд үндэслэн тодорхойлдог [3] бол Монгол улсын усны тухай хуульд 11.1.4.Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох; гэж заасан байдаг. Уг заалтын дагуу БОНХАЖС/БХБЯС 2015 А-230/127 тушаалын хавсралтаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, түүний БОАЖС, БХБС-ын 2023 оны А324/185 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан өөрчлөлтөөр усны сан бүхий газрыг ЭРЭГ-ээр тодорхойлох байдлаар онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох, дэглэм баримтлахаар заасан байдаг. Заалтууд нь: 2.3.Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно: 2.3.1.гол мөрний урсац бүрэлдэх эх хэсэгт түүний эргээс усны хагалбарын хил хүртэлх зайд; 2.3.2.гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж; 2.3.4.Хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй, үерийн хамгаалалтын далангаас 100 метрээс доошгүй зайд; /БОАЖС, БХБС-ын 2023 оны А324/185 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/ 2.6. Энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтооно: 2.6.1.усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд; 2.6.2.Нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 1000 метр хүртэлх зайд /БОАЖС, БХБС-ын 2023 оны А324/185 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/ Дээрх заалтын дагуу онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтооход нийтлэг гардаг зөрчил нь жижиг гол горхийг шулуунаар эргийг дүрслэх, томоохон голыг хоёр талын усан захаар эргийг дүрслэн хамгаалалтын бүсийг татсанаар гол, горхины татмын бүс орхигдох буюу хамгаалалтад орохгүй байх, хот суурин газарт үерийн эрсдэлтэй хэсэгт суурьшлын бүс байгуулагдаж иргэд аюулд өртөх [4], усны сан бүхий газрын орчим бий болсон суурьшлын бүсээс усны нөөц бохирдох [5] зэрэг асуудлууд үүсэж байна. Байгалийн нөхцөлд зарим жижиг голууд, тухайлбал Сэлбэ гол, дундаж урсцаасаа 100 ~ 200 дахин их урсац үүсгэн үерлэдэг [6]. Иймд Сэлбэ голын хоёр талын усан зах хоорондоо ойрхон учир голыг шулуунаар дүрслэн уг шулуунаас хоёр тийш онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоох нь үерийн татам газрыг орхигдуулан хамгаалалтын бүс тогтоох шинжлэх ухааны үндэслэлгүй ажил болж байгаа юм. Ийм болон бусад зөрчлүүд Дэлгэрмөрөн голын сав газарт нийтлэг тохиолдоно. Нөгөө талаар ЭРЭГ гэдэг үгийг гол, нуурын орчим байгалийн газрын гадаргын огцом өөрчлөлтөөр, эсвэл усан захаар тодорхойлох боломжгүй бөгөөд ЭРЭГ гэдгийг MNS 6694 : 2017 Хүрээлэн байгаа орчин: Усны нөөц, ус ашиглалт, хамгаалалт. Нэр томьёо, тодорхойлолтод Эрэг – Усны хөвөөний ирмэг газар буюу урсгал ус, нуур, цөөрөм, тойром, усан сангийн хамгийн их устай байх үеийн усан гадаргатай хиллэж орших эх газрын туузан зурвас газар гэж томьёолсон байна.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 117 Эндээс үзвэл Усны тухай хууль болон түүнийг дагаж гарсан журмууд нь усны сан бүхий газрын хилийг тогтоох, түүний онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтооход хүрэлцээтэй бөгөөд ЭРЭГ гэдэг үгийг зөв ойлгож журмыг хэрэгжүүлэх нь чухал байна гэдгийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвийн орчим Бэлтэс болон Алтарган голуудын үерийн аюулын үнэлгээний судалгаагаар тогтоосон юм. Учир нь Газрын нэгдмэл санд байгаа усны сан бүхий газар, онцгой болон энгийн хамгаалалтын бүсүүд нь жижиг голуудыг зураас байдлаар, томоохон гол, нууруудыг усан захаар авч бүс тогтоосон нь ЭРЭГ гэдэг үгний үндсэн утгыг ашиглаагүй гэдэг дүгнэлтэд хүргэж байгаа юм. Эрэг гэдэг үгийг их устай байх үеийн усан гадаргатай хиллэн орших газрын зурвас гэж ойлговол эрэг нь үерийн түвшнээр тодорхойлогдоно. Үерийн түвшин буюу их усны халилтын хязгаар нь дээр дурдсан экологийн нөхцөл байдал болон газар ашиглалтын нөхцөл байдалтай нягт холбогдож байгаа нь усан орчны экологийн нөхцөл байдлыг харгалзан усны сан бүхий газрын хилийг тогтоох шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үзэхэд хүргэж байна. II. АРГА ЗҮЙ БА АШИГЛАСАН МАТЕРИАЛ 1. Их урсцын шинжилгээний аргачлал ба материал Үерийн урсцыг тодорхойлох олон аргачлал байгаагаас хур тунадас-шууд урсцын загварт [7] үндэслэн үерийн урсцыг тодорхойлох арга зүйг энэхүү судалгаанд ашигласан. Олон улсад өргөн ашиглагддаг HEC-HMS загвар нь усны горимын балансын тооцооллыг хийх, урсцын загварчлал боловсруулахад өргөн хэрэглэгддэг программ хангамж юм. Сав газрын гидрологийн нарийн процессыг бүрэн байдлаар загварчлах нь заримдаа төвөгтэй бөгөөд шаардлагагүй байдаг учир HEC-HMS – д Зураг 1-д харуулсан хялбаршуулсан системийг ашигладаг. Сав газрын загварчлал боловсруулахад судалгааны талбайн өндрийн тоон загвар (DEM), хур тунадасны өгөгдөл, ус судлалын өгөгдөл, газар ашиглалт/гадаргын бүрхэвчийн өгөгдөл (LULC), хөрсний өгөгдөл зэрэг шаардлагатай байдаг. Энэхүү судалгааны хувьд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс, Алтарган голуудын их урсцын хэмжээг тодорхойлохдоо 100, 500 жилд нэг удаа тохиолдох ир урсцын хэмжээнүүдийг Дэлгэрмөрөн голын хэмжээнд боловсруулсан гидрологийн загвараас тодорхойлсон. Гидрологийн загварын хувьд загварын зүгшрүүлэлт чухал асуудал бөгөөд Дэлгэрмөрөн голын сав газрын зүгшрүүлэлтийг Бэлтэс, Дэлгэрмөрөн, Бүгсэйн голуудын ус судлалын харуулын цэгүүдэд гүйцэтгэж харьцангуй алдаа, харилцан хамаарлын тодорхойломж коэффициентын утгуудаар баталгаажуулсан. Зураг 1. Сав газрын гидрологийн загварчлалын схем Нөгөө талаас судалгааны талбай болох Бэлтэс голын их урсцын хэмжээг 1991-2023 оны 30 жилийн өгөгдөлд Гүмбэлийн тархалтаар байгуулсан статистикийн муруйнаас тодорхойлж загварчлалын утгуудтай харьцуулан загварчлалаар тодорхойлогдсон их урсцын гидрографуудыг баталгаажуулсан [8]. 2. Үерийн халилт, аюулын шинжилгээний аргачлал ба материал Үерийн аюулын зураг нь үерийн улмаас хот суурин газар болон хүн амд учирч болох хохирлыг нарийн тооцоход хэрэглэгддэг. Нөгөө талаас учирч болох хохирлоос урьдчилан сэргийлж үерээс хамгаалах хөрөнгө оруулалтыг зөв төлөвлөхөд чухал үүрэгтэй. Тухайн хангамшилтай үер бий болоход үерт автах газар нутаг хэр эрсдэлд орж болохыг үерийн аюулын зураг харуулна. Үерийн аюулын зураг гаргах шалгуурыг олон хүчин зүйлд үндэслэн гаргаж болно. Дэлхий нийтэд гол баримтлах зарчим нь хүний амь эрсдэх хамгийн доод шалгуур юм. Насанд хүрсэн дундаж насны хүн 0.9 м-ээс дээш гүнтэй урсгалын хурд 0.6 м/сек дээш болоход тогтвороо алдаж урсах буюу амь эрсдэх нөхцөл үүсдэг гэсэн судалгаа бий [9]. Энэ үзүүлэлт болон эд хөрөнгийн усанд автах нөхцөл байдалд үндэслэн үерийн аюулын зургийг гаргах олон янзын арга зүйг ашигладаг. Үерийн аюулын зургийг янз бүрийн параметрээр гаргаж болох ба олон улсад дараах параметрүүдийг голчлон авч үздэг. Үүнд: Усны энерги 𝐸 = ℎ + 𝑣2 2𝑔 [м] Урсгалын эрчим 𝐼 = 𝐸𝑣 [м2/сек] Энд h - үерийн усны гүн, м; v – үерийн урсгалын хурд, м/с; g – хүндийн хүчний хурдатгал байна. Үерийн эрчимд үндэслэн аюулын үнэлгээ өгөх шалгуурыг [10] дараах хүснэгтэд харуулав.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 118 Хүснэгт 1. Үерийн аюулын үнэлгээ Үерийн аюулын үнэлгээ Шалгуур H1 Маш бага аюултай 𝐼 < 0.3 H2 Бага зэргийн аюултай 𝐼 > 0.3, ℎ > 0.3 H3 Дунд зэргийн аюултай 𝐼 > 0.3, ℎ > 0.5 H4 Аюултай 𝐼 > 0.6 H5 Өндөр аюултай 𝐼 > 1 H6 Маш өндөр аюултай 𝐼 > 4 Үерийн урсгалын гүн ба хурдны хэмжээг үерийн халилтаар тодорхойлох ба олон улсад HEC-RAS программ хангамж өргөн ашиглагддаг [11]. Үерийн халилтын загварчлал боловсруулахад голын батиметрийг агуулсан өндөр нарийвчлалтай өндрийн тоон загвар, газрын бүрхэвчийн төрөл, голын болон татмын хөрсний нөхцөл, үерийн гидрограф, гол дээрх болон голын татамд байх усны барилга байгууламжийн өгөгдлүүд шаардлагатай болдог. III. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН 1. Бэлтэс болон Алтарган голын их урсцын шинжилгээ Дэлгэрмөрөн голын сав газрын Бэлтэс гол дээрх харуулын өгөгдөлд Гүмбэлийн тархалтаар янз бүрийн хангамшил бүхий их урсцын хэмжээг тогтоохдоо моментын аргаар байгуулж таарцыг Колмогоров-Смирновын тестээр шалгахад таарц нь 0.219 байв [12]. Статистик шинжилгээг HEC-SSP 2.3.1 статистик боловсруулалтын программ хангамж ашиглан боловсруулав. Зураг 2. Бэлтэс голын ус судлалын харуулд ажиглагдсан их урсцын тархалтын статистик Их урсцуудын хэмжээг дараах хүснэгтэд харуулав. Хүснэгт 2. Бэлтэс голын янз бүрийн хангамшил бүхий их урсцын хэмжээ, м3/с Хангамж 0.2% 1% 2% 5% 10% 500 жилд 1 удаа 100 жилд 1 удаа 50 жилд 1 удаа 20 жилд 1 удаа 10 жилд 1 удаа Баянзүрх 464.7 345.2 295 229.6 180.1 Дэлгэрмөрөн голын сав газрын гидрологийн загварчлалд Цаг уурын 6 (Баянзүрх, Мөрөн, Төмөрбулаг, Цагаан-Уул, Арбулаг, Бүрэнтогтох), усны 4 харуулын (Баянзүрх-Бэлтэс, АрбулагДэлгэрмөрөн, Мөрөн-Дэлгэрмөрөн, ТөмөрбулагБүгсэй) 1990-2023 оны буюу сүүлийн 34 жилийн өдөр бүрийн хэмжилтийн мэдээг авч ашигласан. Цаг уурын станцтай ойр буюу 30 км радиуст орших бүс нутгууд нь уг цаг уурын станцын мэдээг (хур тунадас) ашиглахаар загварчилсан. Уг загварчлалд Бэлтэс голын сав газарт зүгшрүүлэлтийг 2016 оны 7 сарын 10-с 9 сарын 30 хүртэлх бодит өгөгдөлтэй харьцуулан гүйцэтгэсэн ба загварчилсан болон ажигласан өгөгдлийн эзлэхүүний зөрүү -5.3%, оргил урсцын зөрүү -9.8% байсан нь хүлээн зөвшөөрөгдөхүйц зүгшрүүлэлт болсон. Улмаар зүгшрүүлсэн загварыг 2020 оны 7 сарын 1-с 2021 оны 10 сарын 1 хүртэлх хугацаанд баталгаажуулалт хийхэд 80% ба түүнээс дээш хувийн таарцтай загварчилж байсан учир их урсцын шинжилгээ хийхэд хүрэлцээтэй загвар гэж дүгнэсэн. Зураг 3. Бэлтэс голын гидрологийн загварын зүгшрүүлэлтийн үр дүн Зураг 4. Бэлтэс голын гидрологийн загварын баталгаажуулалтын үр дүн
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 119 Улмаар зүгшрүүлж баталгаажуулсан гидрологийн загварт янз бүрийн хангамшил бүхий хур дунадасны хуваарилалтыг оруулан их урсцын гидрографуудыг тооцоолсон. Зураг 5. Бэлтэс голын гидрологийн загварын баталгаажуулалтын үр дүн Загварчилсан гидрографийн оргил утга болон статистикийн шинжилгээгээр тодорхойлогдсон их урсцуудын хамгийн их зөрүү 10% хангамжтай урсцын хувьд +26% байсан ба 0.2% хангамжтай урсцын хувь хамгийн бага буюу +6%, загварчилсан урсац давуулан тооцсон утгатай байв. 2. Үерийн халилт, аюулын шинжилгээний үр дүн Баянзүрх сумын орчим үерийн аюулын хоёр хэмжээст загварчлалыг боловсруулав. Үерийн загварчлал нь Бэлтэс гол, Алтарган голыг агуулсан ба Баянзүрх сумын төвөөс дээш болон доош нийт 3.42 сая м2 (342 га) талбайг хамарсан бөгөөд 0.07 м -ийн нарийвчлалтай өндрийн тоон загварыг ашигласан. Үерийн загварын тооцоолох талбайг 20 х 20 м -ийн тооцон бодох торонд хуваан Бэлтэс болон Алтарган голуудын урсцыг нарийвчлан тооцохын тулд голуудын тэнхлэгээр таслах шугам байгуулан торны нарийвчлалыг 15 – с 5 м хүртэл нарийсган байгуулсан ба торны хуваалтаас хамааран тогтвортой тооцооллыг үйлдэх хугацааны алхмыг Коурантын аргачлалаар 5 сек байхаар тодорхойлов. Үерийн загварчлалд анхны болон хязгаарын нөхцөлүүдийг загварчлалын хүрээнд оруулах шаардлагатай ба анхны нөхцөлд гидрографийн эхний хугацаануудад байх урсцыг суурь урсац болгон авах байдлаар тохируулав. Харин хязгаарын нөхцөлүүдэд Дэлгэрмөрөн голын сав газрын гадаргын усны загвараас гарсан үерийн янз бүрийн хангамшил бүхий урсцын гидрографуудыг оруулав. Үерийн гидравликийн загварчлалын хувьд баталгаажуулалт хийх гол параметр нь урсцын гидрограф болон түүний харгалзах түвшний муруй болно. Үерийн загварт ажиглагдсан урсцын гидрографийг оруулан түүнээс бий болох усны түвшний өгөгдлийг ажиглалтын өгөгдөлтэй харьцуулан баталгаажуулалтыг хийв. Баталгаажуулалтыг хоёр өгөгдлийн хамаарлын шинжилгээний тодорхойломж коэффициент 𝑅2> 0.7, ажигласан болон загварчилсан түвшний зөрүү ∆ ≤ ∓5% байх нөхцөлөөр хийв. Зураг 6. Үерийн загвараар тооцсон болон ус судлалын харуул дээр ажигласан түвшний харьцуулалт Бэлтэс голын хувьд ажиглагдсан хамгийн их урсцын хэмжээ 2006 оны 7 сарын 22-нд 424 м3/с хүрсэн ба энэ үед үерийн аюулын хэмжээг дээрх баталгаажуулсан үерийн загвараар тодорхойлов. Уг ажиглагдсан зарцуулга нь их урсцын шинжилгээгээр 142 жилд нэг удаа тохиолдох үертэй дүйцэж байгаа юм. Загварын үр дүнгээс үзвэл Баянзүрх сумаас дээш Бэлтэс гол хавцлаар урсан орж ирэх учир үер гүн ихтэй, урсгалын хурд ширүүн урсан орж ирж Алтарган голтой нийлэн доош мөн хавцлаар урсан өнгөрнө. Баянзүрх сумын ихэнх хэсэг өндөрлөг газар байрлах учир ажиглагдсан их үерийн үеэр үүсэх эрсдэл харьцангуй бага байгаач Алтарган голын эрэгт халилт үүсэх газрууд ажиглагдав. Тодруулбал Алтарган голоор гарах гүүрний замын түвшин үерийн түвшнээс дээш боловч баруун талаас гүүр лүү дөхөх шороон зам, түүний баруун хойд талд байх айлын хашаа бүхэлдээ усанд автаж үерийн аюулын багаас, дунд зэргийн аюултай бүсэд орж байна. Зураг 7. Баянзүрх сумын орчимд Бэлтэс, Алтарган голын ажигласан хамгийн их урсацтай үеийн үерийн аюулын ангилал
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 120 Зураг 8. Баянзүрх сумын орчимд Алтарган голын дагуух ажиглагдсан хамгийн их устай үеийн үерийн аюулын ангилал (аюулд өртөх магадлалтай нэгж талбар болон гүүрний байршлыг улаан сумаар заав) Харин Бэлтэс голын хувьд сумын төвөөс гол өгсөн дээш явах шороон замын зарим хэсэг үерийн усанд автах ба сумын дээд хэсэгт шороон овоолготой хэсгээр ажиглагдсан их урсцаас их хэмжээний үер болсон тохиолдолд халилт үүсэж магадгүй байна. Бэлтэс болон Алтарган голуудын 0.2 болон 1% - ийн хангамжтай үерийн аюулын үнэлгээг хийхдээ дээрх зүгшрүүлсэн гидравликийн загварт хязгаарын нөхцөл болгож HEC-HMS гидрологийн загвараар боловсруулагдсан үерийн гидрографуудыг оруулан тооцоолсон. Үерийн халилтын хувьд Алтарган голын хэсэгт сумын төвийн хойд талд голын голдирол гүехэн болох учир халилтын талбай их, Бэлтэс голын хувьд бүхэлдээ гүн хавцлаар урсах учир халилтын талбай бага байв. Халилтын талбайн хэмжээнээс хамаарч аюулд өртөх талбайн хэмжээ тодорхойлогддог. Ажиглагдсан хамгийн их үертэй үед үерийн халилт загварчилсан талбайн хувьд 375693 м2 байсан. Голуудын голдирлын морфологи гүн хавцалтай, хадархаг, хайргархаг учир 0.2% -ийн үертэй үед халилтын талбай 417391.24, 1% -ийн хангамжтай үерийн халилтын талбай 389693.45 м2 байв. Нийт зөрүү 37.8 га талбай болж байна. 3. Усны сан бүхий газрын хил ба хамгаалалтын бүсүүд Гол, горхины усны сан бүхий газрын хилийг тогтоох, түүнээс онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтооход үерийн аюулын үнэлгээг харгалзах дараах нэмэлт үндэслэлүүд байна. Үүнд: • Үерийн аюулыг тодорхойлох – Үерийн үеэр аль газар нутаг илүү өртөх магадлалтайг тогтоохын тулд үерийн аюулын үнэлгээг хийх шаардлага гарна. Ингэснээр хамгаалалтын зурвастай ойролцоо орших газруудын аюулыг тодорхойлж, ирээдүйд гарах эрсдэлийг багасгахад тус болно. Мөн үерт өртөх талбайн орчим газар ашиглалтын болон хот байгуулалтын арга хэмжээ авахдаа эрсдэлийг бууруулах, сэргийлэх арга хэмжээг төлөвлөх боломж олгоно. • Хамгаалалтын төлөвлөлт гаргах – Үер нь магадлалт үзэгдэл учир үерээс үүдэх эрсдэлийг бууруулахад шаардлагатай хамгаалалтын зурвасын хэмжээ, байршлыг үндэслэлтэй тодорхойлох шаардлагатай болдог. Жишээ нь үерийн өндөр эрсдэлтэй бүсэд илүү өргөн хамгаалалтын зурвас шаардлагатай байж болно. • Хүний эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах – Хамгаалалтын зурвасын хэмжээг зөв төлөвлөх замаар үерийн эрсдэлээс хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж чадна. • Экологийн нөлөөллийг багасгах - Үерийн уснаас голын эргийн экосистемийг хамгаалах арга хэмжээг төлөвлөхөд ашиглагдана. • Ирээдүйд гарах өөрчлөлтөд бэлдэх – Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан үерийн давтамж, хэмжээ нэмэгдэх магадлалтай байна. Тиймээс үерийн аюулын үнэлгээ хийснээр уур амьсгалын өөрчлөлтөд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой. Үерийн аюулын үнэлгээ нь голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг үр дүнтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох чухал өгөгдөл болно. Иймд Баянзүрх сумын орчим Бэлтэс болон Алтарган голын ЭРГИЙГ ажиглагдсан хамгийн их үерийн халилтаар тодорхойлж, уг халилтын хязгаарыг усны сан бүхий газрын хил гэж үзэн хамгаалалтын бүс тогтоохыг зөвлөж байна. Энэ зөвлөмжийн дагуу тодорхойлсон онцгой хамгаалалтын бүсийг дараах зурагт харуулав.
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 121 Зураг 9. Бэлтэс, Алтарган голуудын 0.2 ба 1% -ийн хангамжтай үерийн халилтын хязгаарууд IV. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ Усны сан бүхий газрын хил, түүний хамгаалалтын бүсийг үерийн аюулын үнэлгээнд үндэслэн тогтоох нь Монгол улсад мөрдөгдөж буй MNS 6694 : 2017 стандарт, БОНХАЖС/БХБЯС 2015 А-230/127 тушаалын хавсралтаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Усны тухай хуулийн заалтуудтай бүрэн нийцэж байгаа бөгөөд үерийн аюулыг авч үзсэнээр • Голын татам газрын үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ . • Голын татам газрыг хамгаалах, экосистемийг хүний үйл ажиллагааны дарамтаас хамгаалах боломж бий болно. • Голын усан орчны болон био орчны тэнцвэрт байдал хадгалагдах боломж бүрдэнэ. • Голын татам газар усны сан бүхий газарт хамрагдсанаар татмын нуур, намагархаг газар, хуучин голдирол гэх мэт элементүүд хамгаалагдах боломж бүрддэг. • Голын үндсэн голдиролын чөлөөт байдлыг хадгалах боломж бүрдэнэ. Нөгөө талаас усны сан бүхий газрын хилийн усан захаар буюу газар зохион байгуулалт, байгаль хамгааллын өнөөгийн практикаар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг зураглах нь дараах сөрөг үр дагаваруудтай. Үүнд: • Усан зах нь голын голдирол дүүргэх урсцыг төлөөлж чаддаггүй ба түүнээс 50 м -ийн хүрээгээр онцгой хамгаалалтын бүс тогтооход өргөн татамтай голуудын татмын зарим газар орхигддог. • Зарим голуудын хувьд голдиролын хэв гажил ихтэй, голын голдирлоо байнга өөрчилдөг учир татам газрын усны сан бүхий газарт хамруулаагүй тохиолдолд голын голдирол нь усны сан бүхий газрын хилээс гарах тохиолдол элбэг байна. Зураг 10. Баянзүрх сумын орчим Алтарган болон Бэлтэс голуудын үерийн халилтаар тодорхойлогдох эрэг ба түүнээс авсан онцгой хамгаалалтын бүсийн санал
JOURNAL OF WATER RESEARCH AND ENGINEERING Vol.1, No 1 ISSN: 3105-8973 122 • Голын татам хэсэг усны сан бүхий газарт орохгүй хасагдах ба уг хасагдсан талбай нь үерийн аюултай бол үерийн эрсдэл үүсэх нөхцөл бүрддэг. Учир нь усны сан бүхий газарт ороогүй газарт газар ашиглалт хийгдэж эхлэх бөгөөд гэнэтийн үерээр хүний амь эрсдэх, эдийн засгийн хохирол амсах нөхцөлүүд бүрдэж эхэлдэг. Үерийн аюулыг үндэслэн усны сан бүхий газрын хилийг тогтоох нь голын дунд болон адаг хэсэгт нэн тохиромжтой боловч голын улирлын нөхцөл байдлыг сайтар харгалзах шаардлагатай болно. Тухайлбал зарим голуудын хувьд үерийн халилтаас илүүтэйгээр мөсний халиа тошин өргөн талбайг хамарч усан орчны экосистемийг бий болгож байдаг учир үерийн аюулаас гадна мөсний үзэгдлийг анхаарах хэрэгтэй болно. Гол, мөрний урсац бүрэлдэх хэсэгт үерийн халилт харьцангуй бага байх бөгөөд хүлэрт намаг, усархаг орчныг харгалзан усны сан бүхий газрыг тодорхойлох нь оновчтой юм. ДҮГНЭЛТ Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтооход гол, мөрний хувьд үерийн аюул, мөсний халиа тошинг зайлшгүй тооцдог байх нь шинжлэх ухааны үндэслэлтэй, хууль эрхзүйн хүрээнд усны нөөцийг хамгаалах зөв туршлага болно. Төв суурин газруудын усны сан бүхий газрын ЭРГИЙГ гол, мөрний хувьд 1% хангамжтай үерийн халилтаар эсвэл ажиглагдсан үерийн хэмжээ 1%-иас их бол ажиглагдсан хамгийн их үерийн халилтаар тодорхойлох шаардлагатай байна. Баянзүрх сумын хувьд ажиглагдсан үерийн халилтын хязгаараар усны сан бүхий газрын хил буюу эргийг авч түүнээс онцгой болон энгийн хамгаалалтын зурвасыг татах, дэглэмийг мөрдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. АШИГЛАСАН МАТЕРИАЛ, НОМ ЗҮЙ [1] D. P. Loucks and E. V. Beek, "Water resources planning and management: An overview," Water resource systems planning and management: an introduction to methods, models, and applications, pp. 1-49, 2017. [2] С.Пүрэвдорж, Б.Чимэддорж, Д.Санжмятав, З.Батжаргал, Б.Чимэд-Очир, Ч.Марал, И.Бямбахүү, Б.Сайнбуян, Н.Синдорф and М.Хайнер, "Монгол орны гол, мөрний урсац бүрэлдэх эх, гол, нуурын эрэг орчмын татмын байгалийн хилийн атлас: аргазүй, зураглал, зөвлөмж," Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гийн Монгол дахь Хөтөлбөрийн Газар. Адмон Принтинг, Улаанбаатар, 2022. [3] S. Wenger, "A review of the scientific literature on riparian buffer width, extent and vegetation," Office of Public Service & Outreach Institute of Ecology, University of Georgia, Athens, 1999. [4] S. Narangerel and Y. Suzuki, "Historic Flood Events and Current Flood Hazard in Ulaanbaatar City, Central Mongolia," Journal of Disaster Research, pp. 691-704, 2024. [5] T.-O. Soyol-Erdene, S. Lin, E. Tuuguu, D. Daichaa, K.-M. Huang, U. Bilguun and E.-A. Tseveendorj, "Spatial and temporal variations of sediment metals in the Tuul River, Mongolia," Environmental Science and Pollution Research, pp. 3242032431, 2019. [6] Престиж Инженеринг, "Сэлбэ сэргэлт төслийн техник эдийн засгийн үндэслэл," Престиж Инженеринг ХХК, Улаанбаатар, 2023. [7] G. Blöschl, "Rainfall‐runoff modeling of ungauged catchments," Encyclopedia of hydrological sciences, 2006. [8] R. Mathews and B. D. Richter, "Application of the Indicators of hydrologic alteration software in environmental flow setting," JAWRA Journal of the American Water Resources Association, pp. 1400-1413, 2007. [9] J. Xia, R. A. Falconer, Y. Wang and X. Xiao, "New criterion for the stability of a human body in floodwaters," Journal of Hydraulic Research, vol. 52, no. 1, pp. 93-104, 2014. [10] G. P. Smith, E. K. Davey and R. J. Cox, "Flood Hazard. Technical Report 2014/07," Water Research Laboratory, University of New South Wales, New South Wales, 2014. [11] R. Antony, K. A. Rahiman and S. Vishnudas, "Flood hazard assessment and flood inundation mapping—a review," Current Trends in Civil Engineering: Select Proceedings of ICRACE 2020, pp. 209-218, 2020. [12] J. Harris, G. Brunner and B. Faber, "Statistical software package," World Environmental and Water Resources Congress, pp. 1-10, 2008.